“Засгийн газрын иргэд олон нийттэй харилцах төв”-д 2017 оны 4-дүгээр сарын 1-нээс 30-ны өдөр хүртэлх нэг сарын хугацаанд нийт 1678 иргэн ханджээ.1010 санал хүсэлтийг шийдвэрлэн, хариу өгч ажилласан бол шийдвэрлэх шатанд хүлээгдэж байгаа 668 санал байна. Нийслэлийн Засаг даргын тамгын газарт 842 иргэн, Сангийн яаманд 73, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд 57, Эрүүл мэндийн яаманд 57, Цагдаагийн ерөнхий газарт 44 иргэн тус тус хандаж, санал хүсэлт, өргөдөл, гомдол, талархлаа ирүүлжээ. Өнгөрч дөрөвдүгээр сард Батлан хамгаалах яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газар, Ховд, Дорноговь аймгууд харъяаллын дагуу ирсэн өргөдлийг бүрэн шийдвэрлэж ажиллав. Татвар нэмэгдсэнтэй холбоотойгоор иргэд нилээдгүй хандлаа. Иргэдийн санал, хүсэлтэд Сангийн яамнаас "Засгийн газрын зүгээс автомашин эзэмшигчийн жил болгон төлдөг татвар /Агаарын бохирдлын төлбөр, Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, Автозам ашигласны төлбөр/ -ыг нэмэгдүүлэхээс илүүтэйгээр нэг удаагийн шинжтэй татвар болох онцгой албан татварыг нэмэгдүүлэхээр хуулийн төслийг боловсруулаад байна. Татварын хувь хэмжээг нэмэгдүүлэхдээ 4500см³-аас доош хөдөлгүүрийн багтаамжтай суудлын автомашинд үйлдвэрлэсэн оноос хамааруулж 3-15 хувь буюу 25,000-2,275,000 төгрөгөөр, 4501см³-аас дээш хөдөлгүүрийн багтаамжтай суудлын автомашинд 40-250 гаруй хувь буюу 4,060,000-47,125,000 төгрөгөөр тус тус нэмэгдүүлэхээр болоод байна. Мөн хос тэжээлт, цахилгаан хөдөлгүүрт болон хийгээр ажилладаг автомашины онцгой албан татварыг 50 хувиар хөнгөлөхөөр хуулийн төсөлд тусгасан бөгөөд эдгээр автомашинд насжилтаас хамааран 375,000-6,675,000 төгрөгийн татвар ногдохоор байна." гэсэн хариултыг өгчээ.