Засгийн газрын иргэдийн санал хүсэлт хүлээн авах “11 11” төвд энэ 7 хоногт 900 гаруй санал хүсэлт, талархал, гомдол, шүүмжлэл ирсэний ихэнхийг боловсрол, эрүүл мэндийн салбартай холбоотой асуудлууд эзэлж байна. Сурагчийн дүрэмт хувцас, зарим цэцэрлэг, сургууль анги засвар болон хуримтлалын мөнгө авч байгаа тухай иргэд гомдолложээ.   

Эрүүл мэндийн салбарын хувьд хөдөө орон нутаг, нийслэл хот дахь эмнэлгийн үйлчилгээнд сэтгэл дундуур байгаа, эмч нарын хүнд суртал их, мөн очер дараалал ихтэй, дугаар авах гэхээр дугаар дууссан гэсэн хариу өгч иргэдийг буцаадаг гэсэн гомдлыг иргэд ирүүлсээр байна. Үүнд, “Холбогдох удирдлагуудад нь тухай бүрт уламжилж байгаа бөгөөд ЭМСайдын 2012 оны 427 тоот тушаалаар Эмнэлгийн хүлээгдэл, чирэгдлийг бүртгэн ажиллаж, зохион байгуулалт хийн ажиллаж байна. Өдөрт нэг эмчийн иргэдэд үйлчлэх ёстой норм байдаг. Тэр үндэслэлээрээ үйлчилгээ явуулах журамтай” гэсэн хариултыг Эрүүл мэндийн яамнаас ирүүлжээ.

Нийслэлийн иргэд нийтийн тээврийн тоог нэмэгдүүлэх, халаалт сайжруулах, тог цахилгааны тасалдлыг багасгах талаар санал, гудамжны гэрэл асахгүй, зам засварын ажил удаашралтай байна гэх гомдлыг “11 11” төвд хандан илэрхийлжээ. Мөн Замын-Үүдийн хилийн гуравын хаалтад өдөрт 100 биржийн бичиг өгч байгаа нь дараалал, хүлээлт ихээр үүсгэж байгаад жолооч нар бухимдалтай байгаагаа хэлжээ. Одоогийн байдлаар энэ асуудалд ямар нэгэн тодорхой хариу ирээгүй байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.