Засгийн газрын иргэд, олон нийттэй харилцах төвд 2016 оны 11 дүгээр сарын 4-нөөс 10 хүртэл 7 хоногийн хугацаанд 210 санал, хүсэлт, өргөдөл, гомдол, талархал ирснээс 60 иргэнд ямар нэгэн байдлаар хариу мэдэгдэж саналыг хаагаад байна. Хариулаагүй 149 санал байна.

Тус төвд ирсэн санал хүсэлтийн дийлэнх нь буюу 92 нь нийслэлтэй холбоотой байна. Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас тухай бүрт нь асуудлыг судлан шийдвэрлэж байгаа болно.

Иргэний үнэмлэх, гадаад паспортын хэвлэлтийн талаар Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт нилээдгүй хандсан. Эрчим хүчний шинэ хэрэглэгч болох хүсэлт тавьсан ч шийдвэрлэхгүй удаж байна, Говь-Алтай аймгийн Алтай суманд цахилгаан тасалдсан талаар Эрчим хүчний яаманд ханджээ.

Хувьцааны үлдэгдэл мөнгө хэзээ олгогдох вэ, долларын ханшны өсөлт, ипотекийн зээлийн санхүүжилт хэзээ олгогдох вэ гэсэн саналуудыг Сангийн яаманд ирүүлээд байна.

 Сурагчдын улирлын амралтын хуваарийг хүйтний улиралд удаан хугацаагаар, дулааны улиралд богино хугацаагаар олгох талаар иргэд БСШУСЯ-нд нилээдгүй ханджээ. Яамны зүгээс “Хичээлийн жилийн бүтэц, амралтын хуваарийг улсын хэмжээний нийт сургууль, орон нутгаас санал авч, нэгтгэсний үндсэн дээр шинэчилсэн. Нэгдүгээр улиралд хүүхдийн ядаргаа харьцангуй бага байдаг. Унших, бичих арга барил харьцангуй тогтсон үе, мөн хүүхдэд амрах хэрэгцээ их байгаа үед буюу 2, 3 дугаар улирлын амралтыг 2-3 долоо хоног амрахаар зохицуулсан. Түүнчлэн зуны амралтыг эрт эхлүүлэх талаарх түгээмэл саналыг тусган 1-2 дугаар анги 5 сарын 25-наас амарч байгаа” гэж хариулав.

 Аймгуудын хувьд Өмнөговь аймгаас 7 иргэн холбогдсон байна. Гашуусухайт боомт 4 эгнээгээр зорчиж байгаад зохицуулалт хийхийг хүсчээ. Аймгийн Засаг даргын Тамгын газрын Олон нийттэй харилцах албанаас иргэнтэй утсаар холбогдож, хариулт өгсөн байна.