Засгийн газрын иргэд, олон нийттэй харилцах төвд 2016 оны 12 дугаар сарын 2-ноос 8 хүртэлх 7 хоногийн хугацаанд 184 иргэн хандав. 127 санал хүсэлт, 44 гомдол, 7 талархал, 1 өргөдлийг хүлээн авснаас 54 иргэнд ямар нэгэн байдлаар хариу мэдэгдэж, асуудлыг шийдвэрлээд байна. Нээлттэй, хүлээгдэж байгаа 130 санал, хүсэлт байна.

Нийслэлтэй холбоотой 88 гомдол, санал хүсэлт хүлээн авснаас Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас  31 гомдол, санал хүсэлтийг шийдвэрлэсэн, шийдвэрлэлтийн шатанд байгаа 57 санал, хүсэлт байна.

Иргэд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам,  Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар, Өмнөговь аймагт хамгийн олон ханджээ.

 

Оюутны сургалтын төлбөрийн зээлийн талаар БСШУСЯ-д хандсан байна. “Оюутны хөгжлийн зээл”-ийг “Төрийн банк”, “ХААН банк”, “Голомт банк”, “Улаанбаатар хотын банк”, “ХАС банк”, “Капитрон банк”-уудаар дамжуулан олгох зээлийн гэрээг 11 дүгээр сарын 30-нд байгуулсан. Зээл энэ сараас олгогдож эхэлнэ гэсэн хариултыг өгчээ.

 

Түүнчлэн Өмнөговь аймаг, Гашуунсухайт боомтод 30 км гаруй машины дараалал үүссэн, боомтоор нэвтрэхийн тулд 3-4 хоног хүлээж байгаа. Энэ хооронд осол аваариас эхлээд олон хэрэг зөрчил гарч байна. Сумын 1 машинтай 3 цагдаа яагаад ч зохицуулалт хийж чадахгүй байгаа учраас шийдвэрлэж өгөхийг хүссэн дуудлага олноор ирлээ. Санал, хүсэлтийг тус аймаг болон Цагдаагийн ерөнхий газарт тухай бүрт нь шилжүүлсэн бөгөөд энэ 7 хоногт ЦЕГ-ын ажлын хэсэг тус боомтод ажилласан байна.

 

Хүүхдийн мөнгөний талаар хандсан иргэдэд “Хүүхдийн мөнгө бүх хүүхдэд олгогдож байгаа. 1. Өрхийн амьжиргааны түвшингийн үнэлгээгээр 502,567 босго онооноос доош оноотой өрхийн хүүхдүүдэд бэлнээр олгогдож байна. 2. Уг 502,567 онооноос дээш оноотой өрхийн хүүхдүүдэд бол дансанд нь бичилт хийгдэн Сангийн яаман дээр байршиж байгаад 2019 оноос бэлнээр олгогдох юм. Танай Өрхийн амьжиргааны түвшингийн оноо 517.66 байна. Танайх өрхийн амьжиргааны түвшингийн үнэлгээний оноогоо хүлээн зөвшөөрөхгүй байгаа бол сум, хорооны нийгмийн ажилтандаа хандан өргөдөл гаргаж дахин үнэлүүлэх боломжтой” гэсэн хариултыг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас өгсөн байна.

 

Энэ 7 хоногт Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам болон Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар тус төвд ирсэн санал, хүсэлт, гомдлыг цаг алдалгүй, тухай бүрт шийдвэрлэн ажиллалаа.