Засгийн газрын “Иргэд, олон нийттэй харилцах төв” 2017 оны 3 дугаар сарын 10-наас 16 хүртэлх хугацаанд нийт 359 иргэн хандаж, 1 шүүмжлэл, 11 талархал, 126 гомдол, 195 санал хүсэлт ирүүллээ. Нийт ирсэн санал, хүсэлтийн 114 санал, хүсэлтийг шуурхай шийдвэрлэн ажилласан байна. Түүнчлэн тус төвд зарим хандсан иргэдэд төрийн үйлчилгээтэй холбоотой мэдээлэл өгч ажиллав. Энэ хугацаанд Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт 154, Эрүүл мэндийн яаманд 11, Сангийн яаманд 10, Цагдаагийн ерөнхий газарт 17, Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газарт 14 иргэн хандсан нь бусад төрийн байгууллагуудаас өндөр үзүүлэлттэй байна. Иргэд нийслэлийн нутгийн захиргааны байгууллагад төрийн үйлчилгээ, орон сууц, нийтийн аж ахуй, боловсрол, нийтийн тээврийн үйлчилгээтэй холбоотой санал хүсэлтийг түлхүү ирүүлжээ. Эрүүл мэндийн яаманд менингококкт халдварын вакцин, элэгний вирусын шинжилгээтэй холбоотой асуудлаар, Сангийн яаманд хувьцааны үлдэгдэл мөнгө, хүүхэд харах үйлчилгээ, халамжийн сангийн санхүүжилтийн талаар болон ОУВС-ийн хөтөлбөрт хамрагдах гэж буйтай холбоотойгоор асуудлаар, Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газарт амьжиргааны түвшин тогтоох судалгаа, хүүхдийн мөнгөний олголтын талаар тус тус ханджээ.